“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН ОРЧНЫ ШААРДЛАГА”-ЫГ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

A- A A+
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ЗОРИУЛСАН ОРЧНЫ ШААРДЛАГА”-ЫГ ХАНГАСАН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас төрийн үйлчилгээ, хууль зүйн туслалцааг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр байгууллагын орчин, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүллээ.

Энэ ажлын хүрээнд байгууллагын гадна орчинд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй нэвтрэх боломжтой налуу зам, зориулалтын авто зогсоол, тусламжийн хонх байрлуулж, байгууллагын дотор орчинд тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөг тохижуулж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн туслах тоноглолуудыг хийж гүйцэтгэлээ.

Мөн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх үед дохионы хэлээр ойлголцох алба хаагчийг бэлтгэх зорилгоор “Монгол дохионы хэл”-ний анхан шатны сургалтад мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтныг хамруулан сургасан.  

Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны https://duudlaga.mn/ зайнаас зөвлөн туслах төвийн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын үйлчилгээтэй холбогдон тусламж үзүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай техник хэрэгслийг тусгай өрөөнд байршуулан тавилаа.

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан прокурорын байгууллагад өргөдөл, гомдол хэрхэн гаргах талаар гарын авлага мэдээллийг брайл үсгээр бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэдтэй иргэнийг угтах, үдэх, үйлчилгээ үзүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулан хэрэгжүүлж байна.  

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тус прокурорын газрын барилгын гадна болон дотор орчин нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлага MNS 6055:2009 стандарт"-ыг бүрэн хангасан гэж дүгнэгдлээ.