"ХҮҮХДИЙН ЭРХ - ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЛАА

A- A A+

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас зохион байгуулсан "Хүүхдийн эрх-Хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэгт аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Цагдаагийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь салбар, ерөнхий боловсролын сургуулиуд болон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллагын төлөөлөл зэрэг нийт 71 албан тушаалтан оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр прокурорын газраас “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхдийн эрх, Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хүүхдийн эрх” сэдвээр мэдээлэл хийж, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах ажиллагаанд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн оролцогч байгууллагуудаас “Хүүхдийн эрхийн төлөв байдал”, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, үр нөлөө, тулгамдаж буй асуудал”, “Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Хүүхдийн эрх-хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн үр дүнд:

- Хүүхэдтэй холбоотой хэрэг хянан шалгах, эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын дагнасан албан тушаалтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах,

- Хэрэг шалган шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлж, дүгнэх,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Хоригдол бусадтай уулзах” ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах талаар нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлэх,

- Аймгийн бүх шатны боловсролын байгууллагуудын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хамтран ажиллах,

- Хүүхдээс мэдүүлэг авах, уулзалт хийх өрөөг хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлж тохижуулах арга хэмжээ авах зэрэг шийдвэрийг гаргалаа.