Говьсүмбэр аймгийн прокурорын газар нь тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр "Хүүхдийн эрх - Хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэг нь эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох замаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой юм.
Тус хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Цагдаагийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь салбар, ерөнхий боловсролын сургуулиуд болон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн эрхийн төлөв байдал, сургууль болон гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, эрүү болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн хэрэгжилт, анхаарах асуудал, шүүхийн шийдвэр биелүүлэх зарим ажиллагаан дахь хүүхдийн эрхийн хамгаалалт ба Олон улсын баримт бичгийн уялдаа сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх гарц шийдлийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Цаашид хүүхдийн дээд ашиг сонирхлыг эрхэмлэсэн, хүний эрхэд суурилсан, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог төлөвшүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал түлхэц болно гэж оролцогчид дүгнэж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар