Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн Хүний эрхийн комиссын референт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн хэлтэс, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран орон нутгийн олон дагагчтай “фэйсбүүк” группийн админууд, худалдаа үйлчилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр аймгийн прокурорын газраас “Цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, цахим орчинд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хүний хувийн болон эмзэг мэдээллийг хамгаалах, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Олон дагагчтай фэйсбүүк группүүдийн админууд нь контент болон сэтгэгдэлд хяналт тавьснаар бусдын нэр төр, алдар хүндэд халдах, эмзэг мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг онцолж, уулзалтад оролцогчид хүний эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар