Говьсүмбэр аймгийн прокурорын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө эмэгтэйчүүдээ сонсъё” өдөрлөгийг Баянтал суманд зохион байгууллаа.
Прокуророос гэр бүлийн хүчирхийлэл, үүнтэй холбоотой үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж эмэгтэйчүүд, хүүхдүүд эрхээ хэрхэн хамгаалж, хууль зүйн туслалцаа авах талаар мэдээлэл өгөв.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2024 онд 23, 2025 онд 19 гарсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2024 онд 80, 2025 онд 73 бүртгэгджээ.
Өдөрлөгт Баянталын сумын 100 гаруй иргэн оролцож эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлаар, санал бодлоо нээлттэй хуваалцсан бөгөөд санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад шилжүүлж, шийдвэрлүүлэхээр болсон байна.
Мөн энэ үеэр өдөрлөгт оролцогчдод хууль эрхзүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар