ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЛЭЭ              

A- A A+
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЕРТ  СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЛЭЭ               

НҮБ-ын санаачилгаар жил бүр  Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлаж “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе” уриалга гаргасан.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аянд нэгдэж цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар аймгийн төрийн алба хаагчдад яриа таниулга хийлээ. 

Тус аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй нийт 70 гомдол, мэдээллээс 2023 онд 21, 2024 онд 26, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 25 бүртгэгджээ. Үүнээс залилах, кибер орчинд хууль бусаар халдах давхар үйлдэгдсэн 6, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 4, хувь хүний нууцад халдах 1, хүн эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах 6, заналхийлэх 1, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 1 тохиолдол гарсан байна.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас нийт 72 хүн хохирсноос 28 эрэгтэй, 44 нь эмэгтэй байна. Хүүхэд, залуусын цахим хэрэглээ өссөн, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Аймгийн прокурорын газраас цахим аюулгүй байдлаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлэгт чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ авах талаар 20 заалт бүхий зөвлөмжийг боловсруулж, Говьсүмбэр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүллээ.